
Оршил
Дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлагаас үзэхэд шууд бус татварын
тогтолцоонд НӨАТ илт давуу байр суурь эзэлж байна. Монгол улс 1998 оны 7
сараас НӨАТ-ыг нэвтрүүлж мөрдөж байгаа боловч сүүлийн жилүүдэд тохиосон
уул уурхайн салбарын тэлэлт, экспортын барааны өсөлттэй холбогдуулан
нэмэгдэж байгаа НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор энэ хуулийг
хүчингүй болгох санал гаргаж байгаа улстөрчид, бодлого тодорхойлогчид
нэмэгдсээр байна. Энэ нь чиг хандлага нь улмаар НӨАТ-ыг буцаан олголт
олгодоггүй шууд бус татварын бусад хувилбараар орлуулах санаачилгад
хүргэж болзошгүй байна.
Иймд энэхүү судалгаагаар шууд бус татварын хамгийн
нийтлэг хувилбар болох борлуулалтын татварыг[1] өнөөгийн хүчин төгөлдөр
мөрдөгдөж байгаа НӨАТ-тай харьцуулан тайлбарлахыг зорив.
Харьцуулалтыг татварын үр дүнг тодорхойлоход нийтлэг ашиглагддаг орлого
цуглуулах чадвар (татварын суурь, хөнгөлөлт чөлөөлөлт, татвар төлөгч,
татварын хувь хэмжээ), татвар ногдуулах хураах зардал, дэлхий нийтийн
чиг хандлага, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүдэд
тулгуурлан холбогдох статистик тоо баримтыг ашиглан хийв.
Нэг. Шууд бус татварын тогтолцоо
Шууд бус татвар гэж үнийн нэмэгдлийн хэлбэрээр илэрхийлэгдэж,
хэрэглэгчдийг бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нь ногдуулж,
борлуулагчаар дамжин хэрэглэгчдийн өмнөөс төсөвт төлөгддөг татварын
тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч, татварыг төсөвт төвлөрүүлэгч
субъектүүд тусдаа гэсэн үг.
Шууд бус татварын гол төлөөлөл нь хэрэглээний татварууд юм. Хэрэглээний
татварууд нь хэрэглээнд ногдоно. Хэрэглээ хэдийчинээ өндөр байна,
төдийчинээ их хэрэглээний татвар төлнө. Монгол улсын хувьд НӨАТ болон
онцгой албан татвар, автобензин дизелийн түлшний албан татвар нь шууд
бус татвар-хэрэглээний татварын гол төлөөлөл юм.
Хувийн болон бизнесийн хэрэглээ нь улс орны хувьд харьцангуй тогтмол,
жигд байдгаас энэ төрлийн татвар нь төсвийн орлогын тогтмол, байнгын эх
үүсвэр болж өгдөг.
Дэлхийн бусад улс орнуудад борлуулалтын татвар, худалдааны татвар,
жижиглэнгийн худалдааны татвар, гүйлгээний татвар, НӨАТ, онцгой татвар
гэх зэргээр олон төрлийн нэр, зорилт бүхий хэрэглээний татварууд үйлчилж
байгаа ч сүүлийн жилүүдэд НӨАТ илт давамгайлж байна.
Хоёр. Шууд бус татварын хувилбарууд
2.1. Шууд бус татварын хамгийн анхны хувилбар нь борлуулалтын татвар
(gross reciept tax) юм. XIV зууны үед Европод дэлгэрч, улмаар 1930-аад
оноос АНУ-ын муж улсуудад нэлээд түгээмэл ашиглагдаж байжээ. Өнөөгийн
байдлаар ӨАБНУ-д НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй зарим жижиг худалдаа
үйлчилгээний цэгүүдэд, Филиппин улсад НӨАТ-аас чөлөөлөгдсөн даатгал,
банк санхүүгийн байгууллага, тээвэр, аялал жуулчлал зэрэг зарим
үйлчилгээний салбарт, АНУ-ын Делавар, Кентакки, Техас, Вашингтон,
Нью-Мексико зэрэг мужуудад тодорхой төрлийн бараа үйлчилгээнд энэ
татварыг ногдуулж байна.
Нийт бараа, ажил үйлчилгээний борлуулалтын дүнг татварын хувь хэмжээгээр
үржүүлж төлөх татвараа тодорхойлдог энгийн аргачлалтай татвар. Энэ
татварыг нь бага хувь хэмжээгээр ногдуулж, хямд зардлаар төсөвт орлого
төвлөрүүлэх боломжтой гэж үздэг. Гэвч үйлдвэрлэл, худалдааны шат
дамжлага бүрт татварын давхардал үүсгэдэг, ногдуулалт нь хяналт тавихад
хүндрэлтэй, татвараас зайлсхийх боломж өндөртэй, өндөр хувь хэмжээгээр
татвар ногдуулах боломжгүй, бараа үйлчилгээний шилжилтийн шат дамжлагын
дагуу картел үүсгэдэг, ашигт ажиллагааны түвшингээс хамаарч татвар
төлөгчдөд тэгш бус дарамт учруулдаг, гадаад худалдааны нийтлэг зарчимд
нийцдэггүй гэх мэт сөрөг талтай гэж үздэг.
2.2. Худалдааны татвар буюу (sales tax). Энэ татвар нь НӨАТ-ын
тогтолцоотой ойролцоо бөгөөд зөвхөн татвар ногдуулах үйлдвэрлэл
үйлчилгээний түвшингээр ялгагддаг. Үйлдвэрлэлийн худалдааны татвар,
бөөний худалдааны татвар, импортын худалдааны татвар гэх зэрэг олон
хувилбартай. Монгол улс 2003 оноос 1998 оны хүртэл худалдааны татвартай
байсан бөгөөд үйлдвэрлэл, импорт, бөөний худалдааны түвшинд хэрэгжүүлж
байсан.
2.3. Жижиглэнгийн худалдааны татвар буюу (retail sales tax). Энэ
татварыг зөвхөн эцсийн хэрэглээнд ногдуулдаг бөгөөд бизнесийн хэрэглээнд
ногдуулдаггүй. Бараа, ажил үйлчилгээ борлуулагч нь худалдан авагчаа
эцсийн хэрэглэгч болон бизнесийн зорилгоор худалдан авч байгаа
үйлчлүүлэгч гэж ялгавартай хандах шаардлагатай байдаг. Буцаан олголт
хийдэггүй давуу талтай гэж тооцогддог боловч татвараас зугтах боломж
илүү өндөр байдаг. Канадын Онтарио, Манитоба муж, АНУ-ын Аризона,
Индиана мужуудад ногдуулж байна.
2.4. Гүйлгээний татвар буюу (turnover tax). Зарим тохиолдолд cash flow
tax гэж бас нэрлэдэг. Аливаа гүйлгээнд татвар ногдоно гэсэн үг. Энэ нь
заавал бараа ажил үйлчилгээний борлуулалт байх албагүй бөгөөд мөнгө,
хөрөнгө шилжих болгонд татвар ногдоно гэж үздэг. Онолын хувьд хамгийн
ойрын хувилбар нь борлуулалтын татвар юм.
2.5. Онцгой татвар буюу (excise tax). Зарим бараа үйлчилгээний үнийг
нэмэгдүүлэх замаар хэрэглээг хязгаарлах, төсөвт илүү орлого төвлөрүүлэх
зорилгоор нэвтрүүлдэг. Монгол улс нефтийн бүтээгдэхүүн, согтууруулах
ундаа, тамхи, төлбөрт таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа, суудлын
автомашинд онцгой албан татвар ногдуулдаг. Бусад орнуудад эмийн болон
гоо сайхны бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, үнэт эдлэл, казинод мөн
ногдуулдаг. Энэ нь шууд бус татварын хамгийн бага суурьтай түгээмэл
хувилбар юм.
2.6. НӨАТ (value added tax) буюу зарим улс оронд хэрэглээний татвар
(consumption tax), бараа үйлчилгээний татвар буюу (goods and service
tax) гэж нэрлэдэг. Өнөөгийн манай улсад хэрэглэж байгаа татвар бөгөөд
борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасч
тооцдог тогтолцоо юм. НӨАТ-ын гол онцлог нь татварын дарамтыг
хэрэглэгчид үүрэх бөгөөд үйлдвэрлэгчдийн төлсөн татварыг хасалт хийж
буцаан олгодог онцлогтой.
үргэлжлэл бий...